03/11/2025
"ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ 2025" АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хөхний Клиник эмнэлэг хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон хөхний хорт хавдрын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл түгээх 10 дугаар сарыг тохиолдуулан жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг "Хамтдаа Даван туулъя" аяныг энэ жил дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Бид энэхүү аяныг анх 2022 онд Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөхний Төвтэй хамтран зохион байгуулж, 100 гаруй хөхний хавдрын даван туулагч нартаа болон тэдний гэр бүлийнхэнд зориулж ХСҮТ-ийн олон мэргэжилтний багийн эмч нартай хамтарсан нээлттэй өдөрлөг, уулзалтыг зохион байгуулж хорт хавдрын дараах сэтгэлзүй, хавдрын дараах сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг онцлон таниулах, эмчилгээнд хамрагдаж буй даван туулагч эмэгтэйчүүддээ урам зориг, итгэл найдвар, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, даван туулагчдын тууштай байдал, тэсвэр хатуужлыг хүндэтгэх зорилготой эхлүүлж байсан бол өнөөдөр уг санаачилга маань цар хүрээгээ тэлж, улсын хэмжээнд хөхний хавдрын даван туулагч нийт эмэгтэйчүүдээ хамруулах, тэдэндээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх замаар нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чухал санаачилга болон өргөжөөд байна.
Бид энэхүү аяны хүрээнд хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, эв нэгдлийг илэрхийлсэн “Хамтдаа даван туулъя” багц хайрцгийг даван туулагч нартаа хүргэдэг уламжлал тогтсон билээ. Энэ жилийн хувьд бид даван туулагч хүчирхэг бүсгүйчүүддээ зориулж багц хайрцгаа хөхний эхо болон маммографийн шинжилгээ, хөхний мэс заслын эмчийн хяналтын үзлэгийн хамт үнэ төлбөргүйгээр 2025 оныг дуустал үзүүлэхээр бэлдсэн ба нийт даван туулагч бүсгүйчүүд та бүхнийгээ манай эмнэлгийн 7755-8989 дугаарт холбогдож хяналтын үзлэгтээ хамрагдахыг уриалж байна.
Хөхний хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж энэхүү санаачилгыг бодит болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Хөхний Клиник эмнэлгийнхээ хамт олон болон бидний зорилгыг дэмжин хамтран ажилласан нийт ивээн тэтгэгч байгууллагууд, хувь хүмүүс та бүхэндээ дахин дахин талархсанаа илэрхийлье.
Хичээгээд л байгаарай. Биднийг амьдрал шагнах гээд л хүлээгээд байгаа. Замдаа амарч болох ч бууж өгч болохгүй шүү. Хамтдаа даван туулъя бүсгүй минь!
Tsatsral Enkh
Topicrem
Tavin Us Pharmacy - Тавин Ус Эмийн Сан
Marvel print сав баглаа боодол