25/02/2026
Цуврал 6. Хүүхэд нярайн эмч нар болон эцэг эхчүүдийн мэдлэгийн санд Хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшлийн үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг цувралаар хүргэж байгаа болно.
Таталтын хамшинж
Нэг хүртэлх насны хүүхдэд таталтын хамшинж том хүнтэй харьцуулахад 5-6 дахин их тохиолдох бөгөөд энэ нь бага насны хүүхдийн уураг тархины бүтэц, үйл ажиллагааны онцлог, нярай болон хөхүүл насны хүүхдийн цус-тархины хориг нэвчимтгий, бодисын солилцоо тогтворгүй, тархи амархан хавагнадаг, ГАМХ нийлэгжилт хангалтгүй зэрэгтэй холбоотой.
Нярайн таталтын гол шалтгаанд цусанд чихэр, кальц, магний, пиридоксины агууламж буурах, билирубины хэмжээ ихсэх, тархины гаж хөгжил, хүчилтөрөгчийн дутмагшил, төрөх үеийн тархины гэмтэл, тархины бүрхүүлийн болон эдийн үрэвсэл багтдаг.
Бага насны хүүхдэд таталт дараах байдлаар явагдана.
Нярай хүүхдэд таталт ихэвчлэн нүүр, нүдний булчингийн татвалзлаас эхлэх бөгөөд улмаар гар, хөл биеийн бусад хэсгийг хамран тархдаг. Үүнийг тархмал таталт гэнэ.
Түүнчлэн голомтот чичирхийлсэн таталт ч тохиолдоно. Энэ нь тэгшбус хэмт чангарсан рефлексийн хэлбэрээр, нүд, толгой нэг зүгт харж тэр талын гар хөл нь чангарч татсан байдлаар илэрдэг.
Нэг хүртэлх насны хүүхдэд ихэвчлэн уналтын бага хэлбэр зонхилон тохиолддог. Хүүхэд нэг зүгт гөлрөн харах, хөхөх хөдөлгөөн хийх, зажлах, амаа тамшаалах, нүүрээ үрчийлгэх, гэнэт цочсон юм шиг гараа сарвалзуулж биеэ хураах, гар хөл нь огцом татвалзах, толгойгоо дохих, цээж их биеэ бөхийлгөх зэргээр уналт илэрнэ. Таталтын үед хүүхдийн царай цайна, эсвэл хөхрөнө, улайна, шүлс нь гоожно. Таталт гол төлөв унтаад сэрсний дараа буюу унтахын өмнө үүсдэг.
Бага насны хүүхдэд өндөр халуурах, уйлж ээрэх үед халууралтын, амьсгал түгжих хэлбэрийн таталт олонтаа тохиолддог ба таталт нь тархмал хүчдэлт чичирхийлэх хэлбэрээр явагдана. Хүүхэд уйлж ээрэх үед цусан дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ нэмэгдэж, улмаар амьсгалын төвийг цочроодог. Үүнээс үүдэн амьсгал түгжих хэлбэрийн буюу аффективно - респиратор таталт үүсэх бөгөөд энэ нь амьсгалаа түгжих, царай хөхөрч цайх, хэсэг хугацаанд ухаангүй болсноо татах шинжээр илэрнэ. Ухаан алдахаас өмнө хүүхдийг тайвшруулж чадвал таталтаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Таталт хэдий чинээ олон давтагдана төдий чинээ хүүхдийн сэтгэхүй хөдөлгөөн, хэл ярианы хөгжилд саад учруулдаг, ялангуяа хөхүүл насны таталтын улмаас хүүхэд оюун ухааны гүнзгий хоцрогдолд ордог.