23/02/2022
ТӨРӨЛТ ДӨХСӨН ЭСЭХЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Жирэмсний 38 долоо хоногтойд буюу төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүүхэд доошилж, ургийн толгой аарцагт тавигдаж, умайн ёроол доошилж, амьсгалахад чөлөөтэй бие хөнгөрсөн мэт сэтгэгдэл төрж, зарим үед ууц нуруу хөшиж, аарцаг умдаг уруу тулж өвддөг.
*Ууц нуруугаар чилж өвдөх
*Ойр ойрхон шээс хүрч, шөнө босч шээх
*Хэвлийн доод хэсгээр чангарч бага зэрэг базлалт өгч гэдэс хатуурах шинжүүд бол төрөлт дөхсөнг илтгэнэ.
ДУНШИЛТ БУЮУ ХУУРАМЧ БАЗЛАЛТ
Жирэмсэн эмэгтэйчүүд биений юм ирэх үеийнхтэй төстэй шинж илэрч умайгаар үе үе хатуурч зангиран нуруу чилнэ. Энэ үед умайн хүзүү зөөлөрч богиносч умайн хүзүүнээс шүүрэл салиа ялгарч байдаг. Зарим үед үе үе хүчтэй базлаж болно. Үүнийг та жинхэнэ төрөлт эхэллээ гэж ойлгож магадгүй. Гэвч базлалт удаан үргэлжлэхгүй, хүч нь нэмэгдэхгүй, базлалт хоорондын зай ойртохгүй бол төрөлтийн өвдөлт биш дуншилт юм. Дуншилтын үед базлалт нь жигд биш, хүч султай, хөдлөх болон биеийн байрлал өөрчлөгдөх үед намдаж арилдаг онцлогтой.
УМАЙН ХҮЗҮҮ ЗӨӨЛРӨХ
Төрөлт эхлэхээс хэд хоногийн өмнөөс дуншилт буюу хуурамч базлалтын нөлөөгөөр умайн хүзүү зөөлөрч нимгэрч нээгдэхэд бэлтгэгддэг. Гэвч үүнийг хяналтын эмч нь дотуур үзлэг хийж мэднэ. Умайн хүзүү богиносч зөөлөрч нимгэрч тодорхой хэмжээгээр нимгэрдэг.
ЦУСАРХАГ ЯЛГАДАС БОЛОН САЛИА ГАРАХ
Төрөх хугацаа ойртох үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гарч болно. Энэ бол сүүлийн найман сарын турш умайн хүзүүг таглаж үтрээнээс дээш өгсөх замын халдвар орохоос сэргийлж байсан салиа гарна. Энэ салиа гарах нь зүйл бөгөөд умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдэж байгааг илтгэнэ. Үүний дараа хэд хоногт үтрээний салиархаг шүүрэл нэмэгдэх болно. Салиа бага зэрэг хүрэн бор болж ирдэг бөгөөд үүнийг цусархаг ялгадас гэдэг. Цусархаг хүрэн бор болох нь умайн хүзүү нээгдэж байгаа мөн төрөлт ойртсныг илтгэнэ.
УРАГ ОРЧМЫН ШИНГЭН ГАРАХ
Ураг орчмын шингэн багаар шүүрч гарч болно. Ураг эхийн хэвлийд усан орчинд байж байдаг учраас учраас ураг оочмын шингэг гарч болдог. Ихэнх эмэгтэйчүүдэд ус гарахын өмнө жигд базлалт ажиглагддаг бол зарим нь базлалтгүйгээр шууд гарч болдог. Ургийн шингэн нь гадуураа бүрхүүлээр хучигддаг ба бүрхүүл нь хагарах үед таны үтрээнээс шингэн зүйл урсаж гарна. Энэ нь гэнэт их хэмжээгээр гарч болохоос гадна багаар шүүрч гарч болох тул та сэжигтэй шинж илэрвэл заавал эмч эмнэлэгт хандана.
СЭТГЭЛ САНААНЫ ӨӨРЧЛӨЛТ
Төрөх дөхсөн ээж гэнэт гадуур гармаар, дэлгүүр хэсмээр, эсвэл гэр орноо цэвэрлэмээр шинжүүд гардаг нь олон судалгаагаар нотлогдсон зүйл. Бас гэдэс зангирах, нойр хулжих, сэтгэл санааны өөрчлөлт гардаг байна.