29/11/2023
БНХАУ-д хүүхдийн дунд ихэсч буй амьсгалын замын өвчлөл
(микоплазмын хатгалгаа)
10-р сарын дунд үеэс БНХАУ-ын хойд хэсгээр хүүхдийн хүн амын дунд амьсгалын дээд замын халдвар мөн уушгины хатгалгааны өвчлөл огцом нэмэгдэж одоо тус улсыг бүхэлд нь хамраад байна. Хятадын мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар энэхүү өвчлөл томуу, микоплазм, амьсгалын синтициал вирус, коронавирусын шалтгаантай ажээ.
Та бүхнийг томуу, амьсгалын синтициал вирус, коронавирусын талаар тодорхой мэдлэгтэй, энэхүү хуудаснаас зөвлөгөө унших боломжтой гэж үзээд өнөөдөр микоплазмын шалтгаант хатгалгааны тухай бичиж байна.
Mycoplasma pneumoniae нь хэмжээний хувьд хамгийн жижиг нян бөгөөд хүний хамар, залгиурт өвчин үүсгэхгүйгээр оршиж болно. Энэ нян шинэ биш, анагаах ухаан бараг 80 жилийн өмнө түүнийг анх илрүүлсэн бөгөөд хүүхэд залуучуудын хатгалгааны нэг гол үүсгэгч юм.
Халдвартай хүн ханиаж найтаахад нян агуулсан дуслууд агаарт цацагдан бусдыг энэхүү бохирлогдсон агаараар амьсгалах нөхцөл болдог. Гэхдээ энэ өвчнөөр өвчлөхийн тулд нилээн ойрын эсвэл удаан хугацааны хавьтал шаардлагатай. Иймд микоплазмын халдварын дэгдэлт эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, асрамжийн газруудаас эхлэх нь бий.
Дараагийн нэг онцлог ялгаа нь нууц үе олон хоног буюу 2-3 долоо хоног байдаг. Өвчний эхэн үед бусад үүсгэгчийн адилаар халуурах, ядрах, хуурай ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, бага насныханд шуугиантай амьсгалах шинжүүд илэрнэ. Улмаар ханиалга нэмэгдэж хэдэн долоо хоног үргэлжилнэ.
Шинжилгээнд цагаан эсийн тоо хэвийн байдаг онцлогтой (нянгийн халдварын үед цагаан эсийн тоо өсч харин вирусын халдварын үед буурдаг).
Зарим хүүхдэд тууралт гарах, бөөлжих, суулгах шинж илэрч болдог. Дийлэнхидээ микоплазмын хатгалгаа хүнд биш явцтай, харьцангуй ховор тохиолдолд хатгалгааны хүндрэл үүснэ.
Нян учир антибиотик эмчилгээ хийнэ. Гэрээр ихэвчлэн азитромицин, кларитромицин уулгадаг. Гэвч сүүлийн жилүүдэд Mycoplasma pneumoniae нь эдгээр антибиотикт тэсвэртэй болж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг маш их зовоож байна.
Харамсалтай нь микоплазмын хатгалгааны дараа тогтдог дархлаа нь богино хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл энэ өвчнөөр дахин өвчилж болох ч явц нь өмнөхөөсөө хөнгөн байна.
Хүүхдээ микоплазмын хатгалгаанаас сэргийлэхийн тулд доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:
• Маск зүүлгэх
• Гарыг ойр ойрхон савандаж угаах, тийм боломжгүй нөхцөлд гар ариутгагч ашиглах
• Ханиаж найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар ам хамраа таглаад шууд хогийн саванд хаях
• Хатуу, зөөлөн эдлэл дээр хэдэн өдрөөр амьд байдаг тул гадаргуу халдваргүйжүүлэгч ашиглах