18/05/2025
ЦӨӨХӨН Ч ХАМААГҮЙ АДУУТАЙ ХҮН БҮР ЗАЛХУУРАЛГҮЙ УНШААРАЙ🙏❗️
АДУУНЫ ПАРАЗИТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ
Адууны ходоод гэдсэнд олон төрөл зүйлийн паразит хорхой байдгаас ихэвчлэн дугуй хорхой буюу (нематод) төрөлд хамаарах хорхой зонхилон шимэгчилдэг.
Мөн бусад малаас ялгаатай нь хэдгэнийн амьдралын эргэлт адууны биед жилийн 3 улиралд нь явагддаг. Хэдгэний авгалдай хэлбэрийн їе нь бидний нэршиж заншсан адууны ходоодны гуур юм. Малчид улаан өт гэдгээр нь сайн мэдэх бөгөөд зарим малчид адуунд байвал сайн байдаг гэх ташаа мэдээлэлтэй явдаг. Ходоодны гуур нь адууны ходоодны хананд бэхлэгдэж ходоодны үрэвсэл, шархлаа үүсгэхээс гадна уяаны явцад хоол тэжээлдээ дургүй болох гэдэс нарийсах зэрэг сөрөг шинж тэмдгүүд ажиглагддаг. Их халдварлагдсан үед адуу хэвтэх, хүйтэн ус уусны дараа хөрвөөх, хүчтэй өвдөлтийн байдалд орох зэргээр илэрнэ. Уяа морины хувьд тэжээлд оруулахын өмнө заавал паразитын эсрэг эмчилгээг хийсэн байх шаардлагатай.
Бид хэрхэн сэргийлэх вэ? Ямар эм бэлдмэл хэрэглэх вэ?
Малын дотор шимэгчдийг устгах зорилгоор Ивомек (Ивермектин) болон паразитын эсрэг туулгын бэлдмэлүүдийг хэрэглэдэг.
Манай орны байгал цаг уурын онцлогтойгоор паразитын эрчимжилд тохируулж хэрэглэх нь зүйтэй.
Улирал бүр нэг удаа юм уу эсвэл 14 хоногийн зайтай 2 удаа туулга, ивомекийг олгох нь паразит хорхойг сайн устгадаг бөгөөд мал амьтныг тарга хүч авхад нь чухал нөлөөтэй.
Хавар 4-6 сар, намар 9-11 сарын хооронд хэрэглэвэл илүү тохиромжтой.
Малын эмчээс зөвлөгөө авах.
ПАРАЗИТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Мал, амьтны паразиттах өвчин нь тухайн бүс нутгийн онцлог, цаг улиралтай холбогдон халдварлан тархах зам харилцан адилгүй, өвчин тус бүрийн үүсгэгч, түүнийг халдварлуулан дамжуулагч, завсрын эзэн, үржих орчин нөхцөл гэсэн тодорхой цаг хугацаа, үе шатаар богино хугацаанд олон малд дамжин халдварладаг онцлогтой, халдварласан нөхцөлд нийгэм, эдийн засагт онц хохирол учруулдагаараа үнэлж барашгүй хохиролтой.
Шимэгч хорхойг үржил хөгжлийн үе шатаа дамжин өнгөрүүлж байгаа байдлаар нь үндсэндээ био-гельминт, гео-гельминт гэж хоёр ангилна.
Био-гельминт гэдэг нь хоёр буюу түүнээс дээш организмыг зайлшгүй дамжин хөгждөг шимэгчийг хэлнэ.Шимэгчийн бие гүйцсэн хэлбэрийг агуулж байгаа организмиыг жинхэнэ эзэн, харин шимэгчийн авгалдайн үе шатыг агуулж байгаа организмыг завсарын эзэн гэнэ.
Гео-гельминт гэдэг нь тэдгээрийн хөрсөнд унасан өндөг нь хоол тэжээлийн хамт залгигдах болон арьсаар дамжин дахин халдвварлах замаар завсарын эзний оролцоогүйгээр амьдралын цикл нь явагддаг шимэгч юм.
А. Геогельминтийн өндөг үндсэн эзнийхээ ялгадас /баас/-тай хамт хөрсөнд унаж, хөгждөг
Б. Геогельминтийн амьдралын цикл-д үндсэн эзнээс гадна завсрын эзэн гэж байхгүй
В. Авгалдайнууд /хөгжиж буй өндөг/ эзнийхээ бие мах бодод бохирлогдсон тэжээл, ус буюу арьсаар дамжин ордог
Энэ удаа зөвхөн адуунд шимэгчилдэг паразидуудыг авч үзвэл
Адуунд шимэгчилдэг паразит
• АДУУНЫ ПАРАСКАРИДОЗ. Параскарид экүи-/Parascaris equorum/ буюу адууны хүж хорхой- г Монголд анх удаа Е.Е.Шумакович 1936 онд тэмдэглэжээ.
Үржил, хөгжлийн онцлог: Параскарид нь гео-гельминт бөгөөд адууны нарийн гэдсэнд шимэгчлэнэ.Харин тэдгээрийн авгалдайн үе шат нь адууны элэг, уушиг болон амьсгалын замаар дамжин нүүдэллэдэг онцлогтой.Эмэгчин аскарид адууны нарийн гэдсэнд асар олон тооны өндөг гаргана.Эдгээр өндөг нь ялгадасны хамт гадагшилж гадаад орчны тохиромжтой нөхцөлд өндгөн дотор халдварлах чадвартай инвази авгалдай боловсорно.Энэ авгалдай боловсорсон өндгийг адуу өвс, тэжээл, усны хамт залгиж халдварлах бөгөөд адууны гэдсэнд орсон авгалдай өндөгний бүрхүүлээс чөлөөлөгдөн цусны ба тунгалагийн судсанд орж улмаар цусны урсгалаар дамжин уушгинд очно. Энд авгалдай нь гуужин хөгжиж цэртэй хамт амаар дамжин залгигдан улмаар нарийн гэдсэнд очиж бэлэг боловсорно.Энэхүү хөгжлийн хугацаа нь дундажаар 2-2,5 сар үргэлжлэх ба тэдгээр нь адуунд нэг жил орчим буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг.
Тархалт: Манай орны бүх нутагт харьцангуй өргөн тархсан зонхилох гельминтүүдийн нэг бөгөөд зарим бүс нутагт энэхүү хорхойн халдвар 30,8-63,6% буюу дундажаар 44,4% байна. Унага, даага, шүдлэн насны адуунд хорхойн эрчимжил хамгийн өндөр байх ба адууны нас ахихын хэрээр эдгээр үзүүлэлтүүд аажмаар буурдаг байна.Адууны хүж хорхой буюу параскаридтах өвчний халдвар 5-10 сард ихсэх ба ялангуяа өвлийн улиралд дээд хэмжээндээ хүрдэг байна.
Эзэн амьтны хүрээ: Адуу, тахь, хулан.
Шимэгчилдэг эд, эрхтэн: Авгалдай нь адууны элэг, уушгинд ба бэлэг боловсорч бие гүйцсэн параскарид нь түүний нарийн гэдсэнд тус тус шимэгчилнэ.Бэлэг боловорч бие гүйцсэн эрэгчин параскарид 15-28 см урт ба эмэгчин хорхойноос жижиг байх ба бие гүйцсэн эмэгчин нь 18-37 см зарим тохиолдолд 50 см хүртэл урттай байна.