
04/08/2024
Сэтгэл засалч Д.ЭРДЭНЭБААТАР: Стресстлээ гэхэд хамгийн түрүүнд бөөрний дээд булчирхайнаас кортизол гэдэг даавар ялгардаг. Ингэж ялгарснаар судсыг агшаана. Зүрхний ачааллыг нэмэгдүүлнэ. Олон удаа стресстэх тусам судас агшиж тэлдэг. Судас олон удаа агшиж тэлвэл судасны дотоод хана гэмтдэг. Гэмтсэн хэсэгт нь фибрин гэж бодис очиж наалддаг.
Бүдүүн тоймоор зураглавал судасны хана болхидуухан замаскдсан юм шиг болно. Тэрэн дээр нь цусны улаан эсүүд очиж сууна. Тэгээд судас бөглөрдөг. Хэзээ нэгэн цагт, амьдрах ёстой жамаасаа дор хаяж тав, арван жилийн наана шигдээс, цус харвалт болно гэсэн үг. Эсвэл сэтгэл зүйн шалтгаант бие махбодын өвчин тусна. Бид хэн нэгнийг стресстүүллээ гэхэд нөгөө хүнд яг тийм процесс явагдана. Харахад стресстээд өнгөрч буй мэт боловч цаанаа хүний амь явж байдаг.
Стрессийн шалтгаантай сэтгэцийн завсрын эмгэгүүд гэж байна. Стресс дээр айдас нэмэгддэг. 500 гаруй төрлийн айдас байдаг гэж үздэг юм. Өндрийн, усны, ганцаардлын, харанхуйн, аалзны айдас гээд тоочвол барагдахгүй.
Шалтгаан нь тодорхойгүй бол түгээмэл түгших эмгэг гэж байна. СЭМҮТ-ийн гаргасан сүүлийн судалгаагаар нийт хүн амын 18.5 хувь нь амьдралдаа ямар нэгэн байдлаар түгших эмгэгээр өвдөж байна. Асар хэцүү өвчин.
Түгших эмгэгтэй хүний хувьд амьдралын чанар нь алдагддаг. Ажил хийж, суралцаж, хүнтэй харилцаж чаддаггүй. Болж өгвөл ганцаараа байхыг илүүд үздэг. Ямар ч шалтгаангүйгээр үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Галзуурч солиорох гэж байгаа мэт айдаст автана. Эрүүл мэнд талаасаа даралт нь хэлбэлзэнэ, зүрх нь өвдөнө, энд тэнд нь зовиурлана. Хүмүүс элэг, зүрх өвдлөө гээд бие махбоддоо илүү анхаараад байдаг л даа. Яг нарийндаа биеийн өвчнөөс илүү хор хөнөөлтэй нь сэтгэцийн, стрессийн шалтгаантай өвчлөлүүд.