10/31/2022
Төрсний дараах сэтгэл гутрал (Postpartum depression) болон Төрсний дараах түр зуурын сэтгэлийн хямрал (Baby blue) нь хоорондоо ялгаатай ойлголт юм.
Төрсний дараах түр зуурын сэтгэлийн хямрал нь (Baby blue) маш элбэг буюу нийт эмэгтэйчүүдийн 85%-д нь тохиолдоно. Ихэвчлэн сэтгэл санаа тогтворгүй, юманд цухалдуу, уйламтгай бх г.м шинжүүдээр илэрнэ.
Шалтгаан: дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд сэтгэц засал шаардлагагүйгээр хэдэн 7 хоногийн дараа өөрөө эргээд хэвийн болдог.
Төрсний дараах сэтгэл гутрал (Postpartum depression) Нийт төрсөн эмэгтэйчүүдийн 15%д тохиолдох бөгөөд төрсний дараах аль ч үед илэрнэ. Шинж тэмдэг илүү удаан хэдэн 7 хоногоос хэдэн сар жилээр үргэлжилж болно. Нойр, хооллох дуршил өөрчлөгдөж маш ихээр ядран сэтгэл санаа тогтворгүй болж, бусдаас өөрийгөө тусгаарлан, ойр дотны хүмүүстэйгээ харилцаа муудаж, сөрөг бодол мэдрэмж ихээр үүсэн түүнийгээ удирдаж чадахгүйд хүрнэ. Байнгын санаа зоволт болон айдас мэдрэгдэж өөртөө итгэх итгэл багасаж өөрийгөө голж үнэ цэнэгүйн мэдрэмж төрж эхэлнэ. Хүүхэдтэйгээ холбоо үүсгэж хангалттай хайрлаж чадахгүй байгаа мэт санагдан үүндээ өөрийгөө буруутгана. Их уйламтгай болж өдөр тутмын зүйлсээс таашаал авахаа болино. Бүр хүндэрсэн тохиолдолд хий юм харж сонсож, өөрийгөө болон хүүхдээ гэмтээх бодолд автаж эхэлдэг.
Хийгдэх эмчилгээ: CBT (Танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээ бүлгээр болон ганцаарчилсан), Эмийн эмчилгээ, Амьдралын хэв маягт өөрчлөх оруулах г.м тухайн хүнд тохирсон эмчилгээ шаардлагатай.
Хүсээгүй жирэмслэлтийн үед, санхүүгийн асуудал, хэт залуудаа хүүхэдтэй болох, ганц бие аав бх, өмнө нь сэтгэл гутралаар өвдөж байсан эсэх зэргээс шалтгаалж Шинэхэн аавуудад ч мөн дээрхтэй ижил шинж тэмдэг илэрч сэтгэл гутралд автаж байх боломжтой.